NUM Startup 1.0 сургалтыг амжилттай зохион байгууллаа

Дэлхийн улс орнууд гарааны бизнесийг хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлт шинээр бий болгох, бүс нутагтаа ажлын байр бий болгох, залуусын ажил эрхлэлтийг дэмжих маш чухал арга гэж үзэж, энэ чиглэлээр бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрч байгаа юм. Тухайлбал АНУ, Израиль зэрэг гарааны бизнесийг эрчимтэй хөгжүүлж буй улсуудаас гадна БНХАУ, БНЭУ, БНСУ, ОХУ зэрэг улсууд сүүлийн үед энэ чиглэлээр дорвитой амжилт гаргаж байна.

Тэгвэл гарааны бизнесийг хөгжүүлэх энэхүү санаачилгад их сургуулиуд гол үүрэг гүйцэтгэдэг. Бидний мэдэх Цахиурын Хөндий нь Станфордын их сургуулийг, АНУ-ын зүүн эргийн гарааны бизнесийн орчин Массачусеттсын Технологийн Институт (MIT) болон бусад их сургуулийг түшиглэж хөгжсөн.

Монгол Улсын Их Сургууль нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс Монгол улсад гарааны бизнесийг хөгжүүлэх санаачлагыг түүчээлж, энэ чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Тухайлбал МУИС-ийн Бизнесийн сургууль жил бүр “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган”-ыг зохион байгуулж ирсэний зэрэгцээ энэ жилээс эхлэн оюутнууддаа гарааны бизнесийн суурь мэдлэг, ойлголт өгөх NUM Startup 1.0 сургалтын хөтөлбөрийг санал болгож эхэлсэн.

МУИС-ийн Оюутны Албаны санхүүгийн дэмжлэгтэйгээр Бизнесийн сургуулиас зохион байгуулсан тус хөтөлбөр 2017 оны 4 сарын 20-нд эхлэж, 5 сарын 12-нд өндөрлөлөө. NUM Startup 1.0 хөтөлбөрт МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын шилдэг 25 оюутан хамрагдаж, бизнес, менежментийн багш, амжилттай яваа энтрепренерүүдээр хичээл заалгаж, гарааны бизнес эхлэх, өргөжүүлэхэд шаардагдах гол мэдлэг, ур чадварыг эзэмшлээ.

Сургалт өдөр бүр онолын хичээл, практик зөвлөгөө, менторинг зэргээс бүрдэж, оролцогчид гарааны бизнес эрхлэх шинэ санаагаа хөгжүүлж, суралцсан. Сургалтын хөтөлбөртэй http://bcc.mn/numstartup10/ холбоосоор танилцана уу.

Тус хөтөлбөрийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд МУИС-ийн оюутнууд болон олон нийтийг сургах зорилготой юм.