Digital Business Conference 2017 үйл ажиллагаа зохион байгуулагдана

Дэлхий ертөнц даяараа “дижитал эрин” (digital era)-д шилжиж, виртуаль бодит байдал (virtual reality), баяжуулсан дүрс бүхий бодит байдал (augmented reality), хиймэл оюун ухаан (artificial intelligence), их өгөгдөл (big data), юмсын интернэт (IoT), машинын суралцахуй (machine learning) болон бусад дэвшилтэт, “толгой эргэм” гэмээр технологиуд энгийн, хялбар болж, бидний өдөр тутмын амьдралд эрчимтэй нэвтэрч байгааг анзаарч болно.

Дижитал хувьсгалын (digital revolution) нөлөөгөөр дэлхий даяар бизнесийн байгууллагууд ихээхэн өөрчлөгдөж, цахим технологиудад эрчимтэй шилжиж, бизнесээ цогцоор нь цахимжуулж, автоматжуулснаар, зардлаа хэмнэж, ухаалаг шийдвэр гаргаж, өрсөлдөөний давуу тал үүсгэдэг болжээ. Компаниуд “дижитал бизнес” хэмээх хөгжлийн шинэ загварыг хэдийнэ хүлээн авч, түүнд тохируулан бизнесээ хувирган өөрчилсөөр байна.

Харин Монгол улсад бизнесийн хөгжлийн сүүлийн үеийн энэхүү загвар, хандлага төдийлөн сайн нэвтрэлгүй, компаниуд үйл ажиллагаагаа уламжлалт хэлбэрээр явуулж байгаа нь тэдний хөгжлийг удаашруулж, гадны өрсөлдөгч орж ирэхэд эмзэг, сул тоглогч болгодог байна.

Тэгвэл энэ оны 3 сарын 15-нд Digital Business Conference 2017 гэсэн нэгэн сонирхолтой конференци зохион байгуулагдах юм байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар энэхүү конференциор тэд олон улсад эрчимтэй түгэж буй “дижитал бизнес” хэмээх чиг хандлагын хүрээнд хамгийн сүүлийн үеийн сэдвүүдийг хэлэлцэж, компаниуд бизнесээ энэ чиглэлд хэрхэн хувирган өөрчлөх арга замуудыг танилцуулах ажээ.

Digital Business Conference 2017-д менежментийн консалтингийн шилдэг компанийн удирдах ажилтнууд, томоохон компанийн стратеги, мэдээллийн технологи, бизнес хөгжил эрхэлсэн захирлууд, интернэт энтрепренерүүд илтгэгчээр оролцох юм байна.

Энэхүү конференцийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл Үйл явдал https://www.facebook.com/events/951064645023140/ -д нь нэгдээрэй!