МУИС Стартап Лаб (MUIS Startup Lab) хөтөлбөр хэрэгжүүлнэ

Бүтээлч, шинийг санаачлагч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэгч, манлайлагч оюутан залуусын анхааралд!

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв, ХШУИС-ийн Машин оюуны лаборатори, Бизнесийн сургууль хамтран МУИС-ийн бүх мэргэжлийн бүх шатны хөтөлбөрт (бакалавр, магистр, доктор) суралцагчдыг хамруулан “МУИС-Стартап Лаб” (MUIS Startup Lab) нэртэйгээр анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагаа нь “МУИС-ийн 2016-2024 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид уламжлал болон үргэлжлэх юм. Энэ удаагийн тэмцээн “Амьдралыг сайжруулъя-Hacking for Life” уриатайгаар зохион байгуулагдаж байна.

Монгол улсын бүх салбарын өдөр тутмын амьдралд тулгамдаж буй бэрхшээлийг илрүүлж, шийдэл санал болгох, мөн цоо шинэ боломж, хэрэглээг санал болгох зорилготой уг тэмцээн 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатнаас шалгарсан оролцогчид багаа бүрдүүлэн бүтээгдэхүүнээ бодитоор хөгжүүлж, эцсийн шатны шалгаруулалтад оролцоно. Шагналын сан 10 сая төгрөг бөгөөд ялсан багуудад 1 жилийн хугацаанд гарааны компаниа бойжуулахад нь дэмжлэг үзүүлнэ.

Тэмцээн нь бидний амьдралд тулгамдаж буй асуудлыг шинэлэг арга замаар шийдвэрлэх, МУИС-ийн бүх шатны хөтөлбөрт суралцагч залуусын бүтээлч хамтын ажиллагааг дэмжих, тэднийг хөгжүүлэх, салбарын экспертүүдээс суралцах болон гарааны бизнесээ эхлэх боломж, бололцоог бүрдүүлэх зорилготой ажээ. Дэлгэрэнгүйг http://news.num.edu.mn/?p=43058 холбоосоор үзнэ үү.