Клэйтон Кристенсен: Амьдралаа чи юугаар хэмжих вэ?

Хааяа би суралцагсдаасаа “Гэр бүл чинь аз жаргал бялхсан газар болж байна уу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд яах ёстой вэ?” гэж асуухад “эцэг эхчүүд хүүхдүүдээ өөртөө нийцүүлэхийн тулд эрх мэдлээ ашиглах хэрэгтэй” гэж хариулах нь элбэг байдаг. Гэвч хүүхэд өсвөр насандаа хүрэх үед эцэг эхийн эрх мэдлээ ашиглах арга үр дүнгүй болдог. Тэр үед л эцэг эхчүүд “хүүхэдтэйгээ багаас нь ажиллаж, хүүхэддээ бусдад хүндэтгэлтэй хандах, эцэг эхээ дуулгавартай дагах, зөв зүйл хийх талаар хүмүүжил олгохуйц гэр бүлийн соёл бий болгож байх минь яалаа” гэж халагладаг. Гэр бүл ч гэсэн аж ахуйн нэгжтэй адилаар өөрийн гэсэн соёл байдаг. Гэр бүлийн тэрхүү соёлыг ухамсартайгаар төлөвшүүлэх буюу өөрөө төлөвших боломжтой.

Хүүхдүүдээ хэцүү асуудлыг шийдэхүйц өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлэх өндөр үнэлэмжтэй хүн болгох таны хүслийг дунд сургууль биелүүлж чадахгүй. Эдгээрийг та гэр бүлийнхээ соёлд “суулгаж”, аль болох эртнээс анхаарч байх ёстой. Хүүхэд аж ахуйн нэгжийн ажилтнуудтай адилаар хэцүү зүйлийг хийж, аль арга нь болж байгааг турших замаар өөртөө итгэх итгэл, үнэлэмж нь төлөвшдөг.

 

“Нэмэгдэл өртөг”-ийн алдаанаас зайлсхий

Дээд сургуулийн санхүү, эдийн засгийн хичээлээр бидэнд хөрөнгө оруулалтын хувилбар, боломжуудыг үнэлэхдээ тогтмол зардлыг нь үл тоож, хувилбар бүрийн “нэмэгдэл өртөг”-ийг /marginal cost/ нь судлах хэрэгтэй гэж заадаг. Бид хичээлээрээ энэхүү онол компаниудыг ирээдүйд шаардлагатай болох хүчин чадал бий болгоход чиглүүлэхийн оронд өнгөрсөн үед амжилттай болсон зүйлд түшиглэхэд хүргэдэг гэж үздэг. Хэрвээ бид ирээдүй өнгөрсөн шиг байна гэдгийг яг таг мэддэг бол ийм хандлага зүгээр байх асан. Харин ирээдүй өөр бол ингэх нь маш буруу зүйл болно. Угтаа ирээдүй өнгөрснөөс өөр байдаг.

Энэхүү онол миний оюутнуудаасаа асуудаг асуулт буюу “Яаж үнэнч шударга амьдрах вэ?” гэсэн асуудалтай холбоотой. Бид хувийн амьдралдаа зөв, буруу зүйлийн аль нэгийг сонгохдоо ухамсарлалгүйгээр “нэмэгдэл өртөг”-ийн онолыг голдуу ашигладаг. Бидний дотоод дуу хоолой “Ихэнх хүмүүс ингэхгүй дээ. Гэхдээ энэ онцгой тохиолдол болохоор ингэх нь зүгээр” гэдэг. Буруу зүйлийг “ганцхан энэ удаа” гэж хийхийн “нэмэгдэл өртөг” нь гайгүй юм шиг санагддаг. Энэхүү сонголтдоо та төөрөгдөөд энэ зам эцэстээ хаана хүргэх, үр дагавар нь ямар байхыг ч харахаа болино. Шударга бус зүйл хийснээ зөвтгөхдөө бид “ганцхан энэ удаа” л хийсэн хэмээн “нэмэгдэл өртөг”-ийн онол ашигладаг.

Би өөрийнхөө амьдралаар “ганцхан энэ удаа”-гийн дагуулах үр дагаврыг хэрхэн амссан талаараа нэг түүх яръя. Би Оксфордын их сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглодог байлаа. Бид бүтэн улирлын турш нэг ч хожигдоогүй юм. Багийн маань нөхөд ч амьдралд минь таарсан хамгийн сайн залуучууд байлаа. Бид коллежийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй ижил зэрэглэлийн тэмцээнд орж, сүүлчийн шатанд шалгараад байсан юм. Аваргын төлөөх тоглолт ням гарагт болохоор төлөвлөгдөөд байлаа. Би Ертөнцийн Эзэнд итгэдэг учраас бүтэн сайн өдөр хэзээ ч сагсан бөмбөг тоглохгүй гэж тангараглаад байсан юм. Тийм болохоор дасгалжуулагчдаа үнэнээ хэллээ. Тэр их уурлаж, багийн андууд маань ч унтууцлаа. Яагаад гэвэл би төвийн тоглогч байсан юм. Багийн гишүүн бүр надад “Чи тоглох хэрэгтэй. Дүрмээ ганцхан энэ удаа зөрчиж болно шүү дээ” гэж байлаа.

Би их сүсэгтэй хүн байсан болохоор тэднээс салж яваад залбирч үзлээ. Ам тангарагаа зөрчиж болохгүй гэсэн мэдрэмж хүчтэй төрсөн болохоор аваргын төлөөх тоглолтонд оролцсонгүй.

Амьдралынхаа туршид бүтэн сайн өдөр бүр сүмд явдаг болохоор энэ ялихгүй шийдвэр байсан. Онолын хувьд бол би тэр өдөр “шугам”-ыг даваад, дүрмээ ганцхан удаа зөрчиж болох байсан. Гэвч одоо эргээд бодоход “Энэ онцгой тохиолдол болохоор ингэх нь зүгээр” гэсэн маягийн тэрхүү сорилтыг тэвчсэнээрээ би маш зөв шийдвэр гаргасан байсан. Яагаад тэр билээ? Яагаад гэвэл миний амьдрал бол чухал бус юм шиг нөхцөл байдлуудын төгсгөлгүй урсгал юм. Хэрвээ би тэр өдөр “шугам”-ыг давсан бол дараагийн жилүүдэд ч тэгэх л байсан.

Үүнээс миний суралцсан гол зүйл бол зарчмаа 100% баримтлах нь 98% баримтлахаас хялбар юм гэдгийг мэдэж авсан явдал байсан. Хэрвээ та “нэмэгдэл өртөг”-ийг бодоод “ганцхан энэ удаа” гэсэн сонголт хийвэл миний нэг ангийнхан шиг эцэст нь харамсах байсан. Тиймээс та юуны төлөө байдгаа тодорхой болгож, аюулгүй газраа олж, тойруулаад “шугам” татах хэрэгтэй.

Ажил мэргэжлээсээ хэрхэн аз жаргалыг мэдрэх вэ гэсэн асуултад сайн хариулт өгдөг онол нь бидний амьдралд мөнгө биш, суралцах боломж, үүрэг хариуцлага нэмэгдэх, бусдад хувь нэмэр оруулах, амжилт ололтод хүрэх байдал гол идэвхижүүлэгч байдаг гэсэн Фредерик Херцбергийн дэвшүүлсэн онол юм. Эрдэмтэн болохоосоо өмнө байгуулсан компаниа удирдаж байхдаа би ч бас иймэрхүү бодолтой байсан талаараа оюутнууддаа ярьдаг. Нэг менежер минь өглөө ажилдаа өөрийгөө үнэлэх өндөр үнэлэмжтэй ирж байгаа дүр зургийг би төсөөлдөг байсан. Харин тэр өдөртөө 10 цаг ажиллаад орой гэртээ ядарсан, бусдад ашиглуулсан, сэтгэл дундуур харьж явааг нь бас төсөөлдөг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь тийн унасан хүн гэртээ очоод хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцаж байгааг ч төсөөлдөг байсан. Тэгээд түүнийг хэд хоногийн дараа гэртээ ирэхдээ өдөр нь маш их зүйл сурсан, чухал ажил хийснийхээ төлөө үнэлүүлж, хүндэтгэл хүлээсэн, байгууллагадаа чухал санаачлага гаргаж, түүнд чухал үүрэг гүйцэтгэсэн учир өөрийгөө өндрөөр үнэлэн гэртээ харьж байгаагаар төсөөлж үздэг байлаа. Тэрхүү байдал нь хань ижил, эцэг эхэд нь ямар их эерэгээр нөлөөлж байгааг төсөөлж үздэг. Эндээс миний хийсэн дүгнэлт гэвэл: Менежмент бол зөвөөр хийвэл хамгийн гоё мэргэжил. Өөр ямар ч мэргэжил хүмүүст суралцах, үүрэг хариуцлага хүлээх, амжилт ололт гаргах, багийнхаа амжилтанд хувь нэмрээ оруулахад нь түүн шиг тусалдаггүй. Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцахаар ирэхдээ оюутнууд бизнес бол худалдан авах, зарах, компанид хөрөнгө оруулалт хийх ажил гэж бодож ирдэг. Энэ бол хамгийн том төөрөгдөл. Борлуулалт хийж мөнгө олох нь хүмүүсийг хөгжүүлж, төлөвшүүлэхээс илүү ач холбогдолтой ажил биш юм. Би оюутнууддаа үүнийг л ойлгуулж явуулахыг хүсдэг.

 

Амьдралынхаа стратегийг зохио

“Гэр бүл дэх харилцаа маань аз жаргалын эх булаг болж байгаа эсэхийг яаж мэдэх билээ?” гэсэн асуултанд хариулах нэг сайн онол бол стратеги зохиож, хэрэгжүүлэх талаарх онол юм. Энэхүү онолын гол санаа нь компанийн стратеги удирдлагуудын хөрөнгө оруулж буй санаачлагуудаар тодорхойлогдоно гэсэн санаа юм. Компанийн нөөцийг хуваарилах ажлыг зөв, сайн хийхгүй бол удирдлагуудын хүсч байснаас эрс өөр үр дүн гардаг. Компаниудын шийдвэр гаргалтын систем биет өгөөж нь хамгийн их, хурдан хугацаанд гарах санаачлагуудад хөрөнгө оруулах зориулалттай байдаг учир урт хугацааны стратегид нөлөөтэй санаачлагыг хайхардаггүй.

Өнгөрсөн хэдэн жил би Харвардын Бизнесийн Сургуулийн нэг ангийнхныхаа аж амьдралыг байнга сонирхож ирсэн. Тэдний нилээд нь гэр бүлээсээ салсанаар аз жаргалгүй болж, өөр хүнтэй гэрлэсэн ч сэтгэл дундуур үлдэж, хүүхдүүдээсээ хол хөндий амьдрах болсон. Сургуулиа төгсөх үедээ тэдний нэг нь ч гэр бүлээсээ салж, үр хүүхдээ өнчрүүлж, өөрөөсөө хөндийрүүлнэ гэсэн стратегитай байгаагүйг би баталгаатай мэднэ. Гэвч тэдний хэтэрхий цөөн нь стратегиа хэрэгжүүлжээ. Шалтгаан нь юу байв? Тэд цаг, авъяас билэг, эрч хүчээ юунд зориулахаа шийдэхдээ амьдралынхаа зорилгыг тэргүүнд буюу төвд нь тавиагүй ажээ. Харвардын бизнесийн сургууль жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 900 орчим шилдэг оюутан элсүүлдгийн ихэнх нь амьдралынхаа зорилгыг боддоггүй нь хачирхалтай. Би оюутнууддаа Харвардын бизнесийн сургууль бол энэ асуултыг нухацтай эргэцүүлэх сүүлчийн боломж чинь байж магадгүй гэж хэлдэг. Тэд “дараа бодох цаг гарах байлгүй” гэж бодвол худлаа болдог бөгөөд амьдрал тэдэнд том ачаануудыг үүрүүлж, орон сууцны зээл авах, долоо хоногт 70 цаг ажиллах, эхнэр хүүхдээ тэжээх гээд завгүй болдог.

Миний хувьд амьдралынхаа зорилгыг тодорхой байлгах нь тэргүүний чухал асуудал байж ирсэн. Гэхдээ амьдралынхаа зорилгыг тодорхойлох нь их цаг шаардсан, хэцүү ажил байсан. Би Родест судлаач байхдаа олон цагийн хичээл зааж, Оксфордод байхдаа хэдэн жилтэй тэнцэх ажил амжуулахыг хүсдэг байсан. Орой бүр ном унших, бодоход цаг гаргаж, Ертөнцийн Эзэн намайг яагаад дэлхийд төрүүлснийг мэдэхээр залбирч байя гэж шийдсэн. Хэрэглээний эконометрикийн шинжлэх ухаанаа судлах цаггүй болдог учраас энэ шийдвэр маань зүдэргээтэй байсан. Судалгаандаа зориулах цаггүй болдог учраас зөрчил үүсч байсан ч би амьдралынхаа зорилгыг ойлгох шийдвэртээ үнэнч үлдсэн юм.

Тэр үед би регрессийн шинжилгээний хамаарлыг автоматаар бодох аргыг эзэмшихэд хамаг цагаа зарцуулсан бол амьдралаа үрэх байсан юм. Би эконометрикийн аргуудыг жилд хэдэн удаа ашигладаг бол амьдралын зорилгын талаарх мэдлэгээ өдөр бүр ашигладаг. Энэ бол миний амьдралдаа сурсан хамгийн чухал зүйл мөн. Би оюутнууддаа амьдралынхаа зорилгыг бодож үзэхэд цаг гаргавал хожим Харвардын бизнесийн сургуульд байхдаа хийсэн хамгийн чухал зүйл байсныг лавтайяа ойлгоно гэж хэлдэг. Хэрвээ тэд ингэж бодож үзэхгүй бол залуургүй завиар хөвж, амьдралын далайд хадан хясаа мөргөх болно. Амьдралын зорилгоо тодорхой ойлгох нь үйл ажиллагаанд тулгуурласан өртгийн тооцоолол /activity-based costing/, тэнцвэртэй үнэлгээний арга /balanced scorecard/, үндсэн чадамж /core competence/, гэнэтийн шинэтгэл /disruptive innovation/, 4 “Пи” /4P/, салбарын 5 хүчин зүйл /5 forces/ зэргээс илүү чухал юм.

Би амьдралын зорилгоо итгэл бишрэлээсээ олсон ч итгэл бишрэл хүнд чиглэл олгодог ганц зүйл биш юм. Жишээлбэл миний нэг оюутан зорилгоо улсынхаа эдийн засгийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, тогтолцоог нь шударга болгох, хүүхдүүдээ энэхүү зорилгод үнэнч хүмүүс болгон хүмүүжүүлэх гэж тодорхойлсон юм. Түүний зорилго минийхтэй ижилээр гэр бүл болон бусад хүмүүст төвлөрсөн байсан.

Мэргэжлээ зөв сонгох болон тэр чиглэлээрээ амжилттай суралцах нь амьдралын зорилгодоо хүрэх нэг л хэрэгсэл юм. Зорилгогүй бол амьдрал хоосон болно.

 

Нөөц сурвалжаа зөв хуваарил

Өөрийнхөө цаг, эрч хүч, авъяас билгээ юунд зориулахаа шийдэх нь амьдралын стратегийг илүү тодорхой болгодог.

Надад эдгээр эх сурвалжийн минь төлөө өрсөлддөг олон “ажил хэрэг” байдаг. Эхнэртэйгээ сайн харилцаатай байх, хүүхдүүдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх, нийгэм, орон нутагтаа хувь нэмрээ оруулах, ажилдаа амжилт гаргаж, өсч дэвших, сүмдээ туслах гэх мэтээр цуварна. Корпорациудад байдаг шиг асуудлууд надад байдаг. Гэтэл надад цаг хугацаа, эрч хүч, авъяас билэг хязгаарлагдмал байдаг. Тэгвэл би тэрхүү хязгаарлагдмал нөөц сурвалжаа эдгээрт яаж хуваарилах ёстой вэ?

Нөөц сурвалжаа юунд зориулахаа шийдэх нь амьдралыг тань төлөвлөж байснаас өөр болгож болох юм. Заримдаа энэ нь сайн байх нь бий. Огт бодож байгаагүй боломж гарч ирж болно. Гэхдээ нөөц сурвалжаа буруу зүйлд зориулвал үр дүн нь маш муу байх боломжтой. Амьдралдаа буруу зүйлд хөрөнгө оруулж, аз жаргалгүй болсон нэг ангийнхнаа бодоход тэдний энэхүү байдал нь аливааг богино хугацаанд нь харсанаас болсоныг ойлгодог.

Харвардын Бизнесийн Сургуулийн төгсөгчид шиг амжилтад тэмүүлэх өндөр тэмүүлэлтэй хүмүүс илүү цаг, эрч хүч гарах төдийд илүү их, нүдэнд харагдахуйц үр дүнд хүрэхэд зориулдаг. Бид ахиж, дэвшиж байгааг ажил, мэргэжил маань байнга харуулдаг. Бүтээгдэхүүнээ борлуулж, дизайныг нь боловсруулж, толилуулгаа дуусгаж, борлуулалтаа хааж, хичээл зааж, өгүүлэл нийтлүүлж, цалин авч, ажилдаа дэвшиж байгаа. Гэтэл түүний эсрэгээр хань ижил, хүүхэддээ зориулах цаг, эрч хүч тань ийм ололт, амжилттай байдаггүй. Хүүхдүүд тань хүмүүжил муутай болж өсч байна. Иймэрхүү маягаар 20 жил болвол та бардам гэгч нь ташаагаа тулаад, “Би хүүхдүүдээ сайн хүмүүжүүлсэн” гэж хэлж чадахгүй. Та хань ижилтэйгээ харьцах харилцаагаа үл тоолоо ч юмс өдөр өдрөөр доройтож байгаа юм шиг санагдахгүй байж болно. Амжилт, ололтод тэмүүлэгч хүмүүс ухамсарлалгүйгээр гэр бүлдээ оруулах хөрөнгө оруулалтаа багасгаж, гэр бүл нь аз жаргалын хамгийн найдвартай, сайн эх сурвалж гэдгийг мартдаг.

Хэрвээ та бизнесүүдийн дампуурлын гол шалтгааныг судлаад үзвэл ихэнх нь түр зуурын талархал хүлээх гэсэн дэмий оролдлогоос болдгийг ойлгоно. Хүмүүсийн хувийн амьдралыг томруулдаг шилээр харвал тэд хамгийн чухал зүйлдээ нөөц сурвалжаа улам бага зориулж байгааг үзнэ.

 

Соёл бий болго

“Хамтран ажиллах арга хэрэгслүүд /Tools for cooperation/” хичээлээр бид алсыг хардаг менежер байх нь хамгийн чухал зүйл биш гэсэн загварыг үздэг. Бүрхэг ирээдүйг тодорхой харж, компанийн явах ёстой чигийг гаргаж өгөх нь нэг хэрэг. Харин тэрхүү чиглэлд ажилтнуудыг жагсаан, хамтран ажиллахад ятгах нь арай өөр хэрэг юм. Хүмүүсийг хамтран ажиллуулахын тулд хэрэглэх арга барилаа мэдэж байх нь менежерийн чухал чадвар юм.

Энэхүү онол байгууллагын ажилтнууд аж ахуйн нэгжийнхээ ажилд оролцсоныхоо төлөө юу хүсч байгаа болон ямар ажил хийвэл хүссэн үр дүн гарах талаар санал нийлж буй байдлыг нь хоёр хэмжээст байрлуулж харьцуулдаг. Хоёр тэнхлэг дээр санал нийлэх байдал бага болвол та хамтын ажиллагааг хангахын тулд “эрх мэдлийн хэрэгсэл” буюу айлгах, шийтгэх гэх мэтийг ашиглах хэрэгтэй. Ихэнх компани энэ өнцгөөс ажлаа эхэлдэг бөгөөд энэ нь компани юуг, яаж хийх вэ гэдэгт үүсгэн байгуулагч захирлууд гол үүрэг гүйцэтгэдэгийн шалтгаан юм. Массачусетсын Технологийн Дээд Сургуулийн Эдгар Шайн энэхүү үйл явцыг байгууллагын соёл бүрэлдэх механизм хэмээн тайлбарласан байдаг. Ингээд эцэст нь хүмүүс үйлдэж буй арга барил нь амжилтанд хүргэх эсэхийг бодохоо больдог. Тэд илэрхий шийдвэр гаргахын оронд зөн совин, таамаглалаараа байгууллагын тэргүүний зорилт, арга барилуудыг дагадаг. Ингэснээрээ байгууллагын соёлыг бүтээдэг байна. Соёл нь бүлгийн гишүүдэд асуудлыг шийдэх баталгаатай, хүлээн зөвшөөрөхүйц аргыг далдуур атлаа хүчээр тулган зааж байдаг. Мөн соёл нь олон төрлийн асуудлуудын алийг нь хамгийн түрүүнд авч үзэх вэ гэдгийг тодорхойлдог. Ингэснээрээ менежментийн чухал арга хэрэгсэл болдог.

 

Даруу байхын чухлыг сана

Харвардын коллежид даруу зангийн хичээл заах явцдаа би үүний чухлыг ойлгож билээ. Би оюутнуудаасаа өөрсдийн мэдэх хамгийн даруу хүнийг тодорхойлж хэлэхийг хүсдэг байсан. Тэдний нэг нь өөрийгөө үнэлж, хүндэтгэдэг хүн гэж хэлсэн нь зөв санаа байсан. Даруу хүн өөрийгөө өндөр үнэлдэг. Тэд өөрийн хэн бэ гэдгийг мэддэг, хэн байснаа ч санадаг. Мөн даруу зан гэдэг нь биеэ барих зан үйл биш, бусдад хүндэтгэлтэй хандахыг хэлдэг болохыг ч тодорхойлсон. Сайн зан үйл даруу зангаас урсан гардаг. Жишээлбэл та хэн нэгнийг маш их хүндэтгэдэг бол түүний эд зүйлсийг хулгайлахгүй. Худлаа ч хэлэхгүй.

Дэлхий ертөнцөд даруу зан маш их хэрэгтэй байна. Шилдэг их сургуульд элсэн орох үед та ихэнх зүйлийг өөрөөсөө илүү ухаалаг, туршлагатай хүмүүс буюу эцэг эх, багш, захирлаасаа сурсан байна. Харин Харвардын бизнесийн сургууль юмуу өөр шилдэг сургууль төгсөх үед өдөр тутам уулзаж буй ихэнх хүмүүс өөрөөс чинь ухаантай биш юм шиг санагдана. Хэрвээ чамд өөрөөсөө ухаантай хүмүүсээс л суралцана гэсэн ийм хандлага байгаа бол дахиж юм суралцах боломж чинь тун хязгаарлагдмал гэсэн үг. Харин чи хүн бүрээс сурах юм бий гэж бодож байгаа бол суралцах хязгааргүй боломжтой байна. Өөрийгөө үнэхээр сайн, тиймээс бусдад сайн болоход нь тусалъя гэж бодож л байгаа бол даруу зантай гэсэн үг юм. Бусдад зүй бус хандаж, бүдүүлэг харьцаж буй хүмүүсийн зан авир нь тэд өөрсдийгөө хүндэлдэггүйг харуулдаг. Тэд иймэрхүү маягаар бусдыг “доош нь хийж” байж сэтгэл нь ханадаг.

 

Хэмжүүрээ зөв сонго

Өнгөрсөн жил би хорт хавдартай хэмээн оношлуулж, төлөвлөснөөсөө эрт хорвоог орхих байдалтай тулгарсан. Гэвч азтай нь өвчин маань эдгэрсэн. Тэрхүү нөхцөл байдал надад амьдралын талаар маш чухал зүйл ойлгуулж билээ.

Миний судалгааг ашигласан компаниуд ямар их орлого олсоныг, тэдэнд томоохон нөлөө үзүүлснээ би мэддэг. Гэвч өвчин тусаад энэ нь надад ямар ашиг, тустайг ойлгож билээ. Эцэст нь бурхан миний амьдралыг доллараар хэмжихгүй, хэдэн хүний амьдралд нөлөөлөв гэдгээр хэмжихийг ойлгосон.

Энэ бидэнд бүгдэд нь үнэний хувьтай гэж бодож байна. Өөрийн олох амжилтыг биш, сайн хүн болоход нь тусласан хүмүүсийнхээ талаар санаа зов. Эцэст нь өгөх зөвлөгөө гэвэл: амьдрал чинь үнэлэгдэх хэмжүүрийг бодож, амжилт гаргасан хэмээн үнэлэгдэхүйц амьдар.